МОНГОЛЫН ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭЛЭН
2012-01-18 17:17:31
Монголын Хот Байгуулалтын Хүрээлэн нь Монгол Улсын хөгжлийн цогц хөтөлбөр боловсруулах стратегийн хүрээнд хүн амын нутагшилт суурьшил, бүс нутаг болон хот байгуулалт, нийгэм эдийн засгийн баримтлах төрийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, төсөл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, сургалт, сурталчилгааны ажил үйлчилгээ үзүүлж Монголд хот байгуулалын салбарыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах зорилготойгоор 2007 оны 01 дугаар сарын 16–ны өдөр байгуулагдан үйл ажиллагаа явуулж буй “think tank” анхны хувийн хэвшлийн аж ахуйн нэгж юм. Өнгөрсөн хугацаанд хийгдсэн томоохон ажлуудын хувьд, бага, дунд орлоготой өрхүүдэд зориулсан 300 гаруй айлын орон сууцыг 2007-2008 онд Төмөр зам, 6-р бичил хороолол, Таван шард барьж ашиглалтад оруулсан ба 2011 оны 5-р сард БГД-ийн 7-р хорооны нутаг дэвсгэрт Гэмтлийн эмнэлгийн баруун урд талд “Тоёохира №1” орон сууцыг барьж ашиглалтад оруулсан нь нийслэлийн бага, дунд орлоготой өрхүүдийн төлбөрийн чадвар, эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээн байгуулалт болсонд бид урамтай байдаг. Мөн нийслэлийн чинээлэг өрхүүдэд зориулан Зайсан болон Хандгайтад орон сууцны хотхон барьж байна. Хандгайтад барьсан орон сууцыг Монголын Архитекторуудын Эвлэлээс Төмөр бар жилийн “ШИЛДЭГ БАРИЛГА”-аар өргөмжилсөн юм. Хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий төлөвлөгөө, Өмнөговь аймгийн Ханбогд сумын газар ашиглалтын төлөвлөгөөг хийж гүйцэтгэсэн. Түүнчлэн хот байгуулалт, төлөвлөлттэй холбоо бүхий шинээр гаргах, шинэчлэн сайжруулах шаардлагатай 11 хуулийн төслийг саналыг боловсруулаад байна. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Монголын барилгын үндэсний ассоциацаас манай компанийн боловсруулан хэрэгжүүлж буй “Ирээдүй хороолол” орон сууцны төслийг Монгол Улсын төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны гол төв болсон ард түмний орон сууц, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой төсөл хэмээн дэмжиж “НИЙГМИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ШИЛДЭГ ТӨСӨЛ” шагналтнаар тодруулж, хүндэтгэн өргөмжилж “АЛТАН ЦАМХАГ 2011” шагналыг гардуулсан юм.
Тус компанийг үүсгэн байгуулагч Б.Батболд нь АНУ-ын Лос Анжелес UCLA их сургууль, болон Moнтана Их сургуулийн Архитекторын танхимд мэргэжил дээшлүүлсэнийн зэрэгцээ Японы Хоккайдо их сургуульд суралцан Архитектурын мастер, улмаар "Скандинавийн орнуудын хот төлөвлөлт" сэдвээр техникийн ухааны докторын зэргийг хамгаалж, Японы "Никкен Секкей" компанид хот төлөвлөлтийн мэргэжилтнээр тодорхой хугацаанд ажиллаж хөгжингүй орнуудын архитектур, хот төлөвлөлтийн салбарт ихээхэн туршлага хуримтлуулснаас гадна Монголын төр, засгийн байгууллагад удирдах албан тушаал хашиж байсан туршлагатай. Одоо Монголын Хот Байгуулалтын Холбоо (MUDA)-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Монголын Хот Байгуулалтын Хүрээлэн нь үйл ажиллагааг нь дэмжин ажилладаг дараах охин компаниудтай. Үүнд:
• “МҮДИКС” ХК – Төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилго бүхий Монгол, Японы хөрөнгө оруулалттай хувьцаат компани
• “PROJECT X” ХХК – Ерөнхий төлөвлөгөө, зураг төсөл боловсруулах
• “AEROMO” ХХК – Барилгын материалын худалдаа эрхэлдэг Франц, Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай компани
• “NEW NATURE” ХХК - Барилга барих болон хаалга, модон вакум цонх үйлдвэрлэх
